Байгалийн дурсгалт газрууд

Picture3 Нутгийн зөвлөлийн овоо

Picture4 Чулуут

Picture5 Жалан

Picture1Булган уул

Picture2 Хан-уул

“БУЛГАН СУМЫН НУТАГ ДАХЬ ТҮҮХЭН ДУРСГАЛТ ГАЗРУУД”

Норовлин уулын олдвор

“Норовлин уулын баруун суга дахь неолитийн үеийн нэгэн булшийг 1974 онд доктор Н.Сэр-Оджав, В.В.Волков нар малтаж судлахад 80 см голчтой гүнзгийд талийгаачийг суугаа байрлалаар оршуулан дээр нь улаан өнгийн зос будаг цацсан байжээ. Уг булшнаас танан чимэглэлийн зүйлс, цахиур, ир суулгаж хийсэн ясан бариултай хутга, билүүдэн засаж хүний нүүрний дүрс сийлсэн, оройдоо оосрын нүхтэй саарал өнгийн зузаан чулуун онго, жижиг цагаан домбон сувс 2000 орчим ширхэгээс бүрдсэн ясан бугуйвч, 2 үзүүртээ нүхтэй тал саран хэлбэртэй ясан зүүлт зэрэг олджээ.

Киданы Хэрлэн Барс хот

Булган, Цагаан-Овоо сумын нутгийн зааг, Хэрлэн голын хойд талд байрладаг Бар хот гэж нэршсэн өндөр 2 суврага 1950-аад он хүртэл байсан бөгөөд одоо нэг нь байгаа. /2010 он/ “Барс хот” Киданы XIV дугаар зууны үеийнх болохыг түүхийн бичиг баримтаар тэмдэглэгдэн батлагдаж байгаа юм.

Хар эргийн барилгын үлдэгдэл 

Эрт дээр үеийн барилгын энэ үлдэгдэл нь Дорнод аймгийн Булган сумын нутаг Хэрлэн голын эрэгт дунд “Энхийн овоо”-ны зүүн эрэгт оршино.

Хулст нуурын суурин

Дорнод аймгийн Булган сумын нутаг Хэрлэнгийн баруун эрэг дэх “Хулст нуур”-ын дэргэд оршино.

Өвгөн ноёны бунхан

XVI дугаар зууны үед Монголын их Юань улсын дараахан Бага хаадын эцсийн үед буюу Гэрсэнз Жалайр. Хунтайжийн 7 хүүд Халхыг хувааж өгснөөр халхын 7 хошуу үүсчээ. Гэрсэнзийн 4 дүгээр хүү Аминдурал ноёны нэг хүү Муруйбуйм Хэрлэнд нутаглаж байхад гарсан хүү Шолойн 11 хүүгийн отгон Ананд Санбэйсийн хошууны анхны  ноён байгаад 1797 онд нас барахад шарилыг нь Булган уулын зүүн доор Холбоогийн баруун доор оршуулж бунхалсан нь сүүлд хувьсгалаас хойш хүртэл байжээ. Өвгөн ноёны шарилыг Булганд оршуулсан нь “Нутагтаа ясаа тавих” гэгчээр Ананд ноён Булганы нутгийнх байсан бололтой.

Тугийн сүм

Чингисийн төрсөн нутаг Сэцэн хан аймгийн чуулган дарга, Илдэн Жүн Ван Тогтох- төрийн санаачлагаар Ачит бэйс Цэрэндоржийн Минжүүрдорж /1806-1866/ Саруул гүн Жамсранжавын Дарамжав /1825- 1868/ нарын үед буюу одоогийн Булган сумын нутгийн баруун захад Хэрлэн голын урд талд Баян –Эрхт гэдэг толгой дээр Чингисийн хар сүлдийг байрлуулснаас хойш Баян- Эрхтийг “Тугийн сүм” гэж нэрлэх болжээ. Энэ сүм 1939 он хүртэл байсан бөгөөд түүний фото зургийг тус сумын харъяат Дугарын Давагсамбуу гэдэг хүн авсан нь одоо Улсын ба Дорнод аймгийн музей “Булган сумын Туг нэгдэл 30 жил” /1989 он/ номын хуудсанд хадгалагдан үлджээ. Энэ сүмд Чингис хаан ба 9 өрлөг зэрэг олон баримлуудтай гоёмсог сайхан сүм байсныг нүдээр үзсэн тус сумын харъят иргэд Ш.Намхай, Б.Балдан, Д.Дашзэвэг, Г.Совд нарын олон ахмадууд байлаа. Б.Балдан гуай ярихдаа сүмийн ард талд дээрээ алтан ганжир /дог/-тай доороо 3 тулгууртай маш өндөр мод байдаг. Үүнийг “Чийга-Ямпай” гэдэг. Энэ нь эзэн хаанд мэдэлтэй /мэдлийн/ сүмд байдаг гэлцдэг байсан. Мөн баатруудын эхний хоёрын баруун талынх нь Туг, зүүн талынх нь дээрээ бартай төрийн тамга барьсан байдаг. Сүмийн гадна дээрээ хар хялгасан цацагтай туг бололтой юм байсан гэсэн бол мөн Г.Совд гуай нэмж ярихдаа Тугийн сүмд Чойндон унзад, Чойён гэлэн, Мятавын Пэрэнлэй гэж сайн маарамба /эмч/ нар байсан юм. Чойён хамгийн сүүлд нутагтаа нас барсан юм гэж ярьсан юм.

“Туг”-ийн нэрийг Булганыхан үеийн үед хүндэтгэж нэгдэлжих хөдөлгөөний үед гол нэгдэл нь “Туг” нэгдэл, зах зээлийн үед Туг компани гэж байгуулагдаж байсан түүхтэй юм. 

Зааны худаг

Хонгороос зүүн урагш “Магнай” уулын баруун урд байдаг Магнайн Холбоогийн баруун дэрстэй хоолойд баруун хойш харсан жижиг ирмэгийн ард байдаг энэ худгийг тус сумын уугуул иргэн 1803-1872 онд амьдарч байсан “Духтай заан” хэмээх Даншигийн арслан Дугар  хойч үеийнхний хүн, малын ундаа болог гэж буян бодож гаргасан тул “Зааны худаг” гэж нэрлэжээ. “Духтай заан” хэмээх Даншигийн арслан Дугар нь Улаанбаатар хот дахь Булган сумын нутгийн зөвлөлийн дарга Манхилаг овгийн Д.Цогтбаатарын өвөг дээдэс нь юм байна.

Бичигт хад

Өвөр -Уртын зүүнтээ байдаг Сөдийн- амны зүүн дээр баруун хойшоо харсан ирмэг дээрх хадан дээр юуны учир бичсэн нь тодорхойгүй боловч судалбал зохих ямар нэгэн бичиг дурсгал байжээ.

Журамт цэргийн дурсгалт газар

1921 онд хурандаа Г.Бумцэндийн удирдсан ардын журамт цэрэг цагаантны цэргийн бүлэглэлийг хөөж устгахаар явахдаа Жижиг зэрэглээгийн энгэр дээр түр хуарагнан буудалласан гэдэг нутгийн ардын яриа бий.

Жавхлант Дээд мөнх

Дорнод аймгийн Булган сумын нутаг Дээд мөнх, Жавхлантад 1921 оны намар Ж.Чойжил /сүүлд Булган сумын харъяат болсон/ даргатай монгол ардын журамт цэргүүд улаан цэрэгтэй хамтран цагаантны ихээхэн хүч бүхий отрядтай 5 цагийн турш тулалдан бут цохиж заримыг нь зүүн зүгт улсын хил давуулан хөөсөн байна. /О.Пүрэвийн МАХ-ын түүхэнд  холбогдох нутаг газар усны нэрийн товч тайлбар толь, номын 53 дугаар хуудас/

Эвдэрхий 

Норовлингоос баруугаар голын хойд биед Дөрөө нуурын урд, дээр үед Хасаа гэдэг Орос худалдаачны байсан барилгын үлдэгдэл суурийг нутгийн хүмүүс “Эвдэрхий” гэж нэрлэх болжээ. Энд 1931 онд одоогийн шинэ Булган сум байгуулагдсан газар юм.

Модот өндөр

Хулсан шандны зүүн урд байдаг Модот өндрийн баруун хойд талд 1956 оны 3 дугаар сард Булган сумын анхны “Жавхлант” нэгдэлд элсэгчид анх малаа нийгэмчилсэн газар юм.

Ухаа хошуу

Анхны Жавхлант нэгдэл контор болох нэг гэртэй болж Ухаа хошуунд барьж 1956 оны хавар нэгдлийн мал сүргийн анхны төллөлтийг ухаа хошуунд төллүүлжээ.

Булганы эрүү

-Булган уулын өмнөх Хэрлэн голын урд эргийг Булганы эрүү гэдэг ба энд 1938 онд сумын бага сургуульд анх байгуулагджээ.

-Ахмад багш Б.Дамдин хуучлахдаа “Манай сумын нутгийн баруун залгаа Хөлөнбуйр сумын нутагт хэдэн сонин дурсгалт газар байдаг.

Үүнд: 

Чингисийн дурсгал: Тугаас баруун тийш одоогийн Хөлөнбуйр сумын нутаг Өлзийт гэдэг хэдэн цуврал уулын хойноос хоёр дахь уулын зүүн урд энгэрт “Чингисийн ор” гэдэг барагцаалбал 2 м гаруй урт, хавтгай чулуу бий, мөн морины уяа чулуу, хадан дээр гарсан морины мөртэй хад байдгийг Чингисийн морины мөр гэдэг домог бий.

Уур чулуу: Тугийн зүүн хойно хойшоо харсан хошууны дээрх нэг хавтгай дээр /цай буталдаг/ уур мэт чулуу байдаг. Түүнийг уур чулуу гэдэг.

Хүн чулуу: Өлзийтийн зүүн хойно замын хойд талд босоо чулуу харагдана. Үүнийг хүн чулуу гэдэг.

Хар чулуу: Булган уул дээр байдаг, Манхилагийн овоог олон зууны турш тахиж шүтэж байрдаа тахилга бүхэнд хэрэглэж бүхэл хонины махан шүүс тавьж эвддэг байсан, тосонд нэвтэрсэн юм шиг дөрвөлжин хар чулуу овооны өвөрт бий. Жижиг авдрын дайтай тас хар чулуу энэ хавьд байхгүй тул зориуд нэг газраас авчирсан бололтой юм. Энэ ч гэсэн нэгэн дурсгал билээ.

-Жанцан хэмээх тэмдэг: Сумын нутагт хошуу, сумын нутгийг заагласан тэмдэгт газрууд байжээ. Энэ тухай өндөр настан Доржийн Жигжид /1910-1999/ 1993 онд хуучлахдаа: Сумын нутгийн заагт “Жанцан” гэж савхан хувин шиг юм булдаг байсан юм. Ийм Жанцан байж болох газрууд гэвэл Хундараас зүүн тийш “Ацны овоо” гэж бий. Энд байж мэднэ. Тугийн арын Жанцанхоролын 2 овоо хоорондоо 2-3 метр зайтай бөгөөд баруун талынхыг “Саруул гүний” хошууных, зүүн талынх нь Санбэйсийн хошууных байсан тул 2 хошуунаас тус бүр нэг хоньтой ирж овоогоо тахидаг байсан юм. Энд Жанцан байж мэднэ. Хойд талын Жанцан байж болох овоо Цагаан- Овооноос аймаг орох замын зүүн талд нэгэн чулуун овоо байдаг байсан юм. Одоо ч байж мэднэ. /1993 оны байдлаар/ Болдогийн хоолойн шав гэж Болдогийн хоолойн баруун урагш, хоолойн урд талд “Эрх ахай” гэдэг нэг жижиг толгой бий. Энд Жанцан тэмдэг байж мэднэ гэж ярьсан юм.

Энэ бүхэн Булган сумын ард, иргэдийн хайрлан хүндэлж явдаг баян тансаг байгаль домог хадгалсан түүхт дурсгалт газрууд, соёл үйлчилгээ хөгжил цэцэглэлтийн орд харшууд сүндэрлэсэн Булганчуудийн үеийн үед идээшиж дассан “Алтан өлгий” нутаг билээ.